ASTROWORLD тоглолтын үеэр амиа алдсан 14 настай хүүгийн гэр бүл Трэвис Скоттыг шүүхэд өгчээ
Реппер Тревис Скоттын “ASTROWORLD” тоглолтын үеэр 10 хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг энэ сарын эхээр гарсан билээ.
Уг хохирогчдын нэг болох 14 настай Жон Хилгертийн гэр бүл хүүгийнхээ үхлийн улмаас сэтгэл санааны хүнд байдалд байна. Тэд Трэвис Скотт, Live Nation зэрэг буруутнуудад хариуцлага тооцуулахаар шүүхэд ханджээ.
Тухайлбал, энэ долоо хоногийн лхагва гарагт гаргасан нэхэмжлэлд Трэвис болон арын албаны зохион байгуулагчид үзэгчдэд аюулгүй, таатай орчин бүрдүүлж чадаагүй гэж үзэж байна. Тэнд байсан үзэгчдийн өгсөн мэдээллээр тоглолт аюулгүй байдал хангаагүй, яаралтай тусламж үзүүлэх ажилчид хомс байсан аж.
Харин Трэвисийн ойрын эх сурвалжууд үзэгчдийн дунд болж байсан эмх замбараагүй байдлыг мэдээгүй гэсэн байна. Түүний хууль ёсны өмгөөлөгч Эд МакФермон хэлэхдээ, “Үйл ажиллагааны төлөвлөгөөг зөвхөн удирдах албан тушаалтнууд, гүйцэтгэх продюсерууд гаргасан. Тиймээс тэд л арга хэмжээг зогсоох бүрэн эрхтэй болохоос Трэвис болон түүний арын албаныханд тийм эрх мэдэл байхгүй” гэх байр суурь илэрхийлсэн байна.
Жоны аав Крис “Ийм харамсалтай үйл явдлаас болж хүү минь эргэж ирээгүй нь манай гэр бүлд тэвчихийн аргагүй зовлон шаналал болж байна. Тэр зүгээр л найзуудтайгаа хамгийн анхны тоглолтоо үзэхээр явсан энгийн хүү байсан. Тэр найзуудтайгаа хамтдаа байхыг юу юунаас илүү эрхэмлэдэг байлаа. Хэрвээ энэ шүүх хурал нэг ч гэсэн гэр бүлийг бидний одоогийн туулж байгаа зовлон шаналалаас сэргийлж чадаж байвал энэ нь бидний Жонд хийж өгч чадах өчүүхэн зүйлийн нэг хэсэг юм” гэжээ.
Хохирогч Жон Хилгерт уг тоглолтын хамгийн залуу хохирогчдын нэг байжээ. Тэрээр найзуудтайгаа анх удаагаа “Astroworld”-ийн тоглолт үзэхээр яваад ийнхүү харамсалтайгаар амиа алдсан байна.
Нэхэмжлэл гаргаж буй талын өмгөөлөгч Ричард Митоффсын мэдэгдснээр тэд 1 сая долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн ч энэ нэхэмжлэл нь Трэвис Скотт болон Live Nation зэрэг хүмүүсийн эсрэг гаргасан нэхэмжлэлийн ердөө нэг хэсэг. TMZ-ийн мэдээллснээр амиа алдагсдын гэр бүл нийтдээ 2 тэрбум долларын нөхөн төлбөр, сэтгэл санааны хохиролд нийтдээ 750 сая долларын нөхөн төлбөр нэхэмжлээд байна.